Амьдралынхаа 20 гаруй жилийн түүхийг барилгын салбарт бичсэн хүн бол “Батс-Өргөө” ХХК-ийн захирал Ж.Батсайхан. Өдгөө компани нь 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ойн баяраа угтаж бэлэг болгон хийсэн томоохон ажлын нэг нь улсын хэмжээнд “анхны” гэсэн тодотголтой олон улсын жишигт нийцсэн 21 дүгээр цогцолбор сургуулийн барилга. Хийсэн ажил, хэлэх үгтэй энэ эрхмийг энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа урьж оролцууллаа.
– Юуны өмнө барилгын салбарт анх орж байсан тэр үеийн талаар ярилцлагаа эхлэх үү. Одоо ингээд харахад бүтээж байгуулсан их ажлынхаа тухай, алдаа оноо, амжилт бүтээл гээд дурсах зүйл мундахгүй байх аа…
-Миний хувьд барилгын салбарт 1997 оноос хойш ажиллажээ. Энэ салбарын өсөлт, уналт, амжилт оноо гээд бүх үед нь хамт явж байна. Тухайн үед барилгын салбарт цөөхөн компани байсан. Харин одоо бид өнөр олуулаа болсон. Барилгачид гэдэг зөвхөн салбартаа биш улс орныхоо бүтээн байгуулалтын хамаг л хүнд хүчир ажлыг нугалдаг хүмүүс. Ийм ч учраас энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн л сайн, муу хэлэгддэг. Гэхдээ жил ирэх тусам техник технологи, ажиллах хүчин буюу боловсон хүчний ур чадвар сайжирсаар байна. Ялангуяа, технологи. Мэдээж энэ хооронд алдаа, оноо, амжилт бүтээл байлгүй яахав. Манай компанийн хувьд, тэр тусмаа миний хувьд энэ жил компаниараараа маш их бахархсан. Нийт 12.500 м2 талбайтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг ашиглалтад хүлээлгэж өглөө. Барилгын менежментийг хэрхэн, яаж сайн явуулж богино хугацаанд чанартай барилга барьж болдгийг улсын хэмжээнд манай хамт олон харуулж чадсан. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлчээр ажлаа эхлүүлж байлаа. Хуучин сургуулийг буулгаад суурь тавиад буюу 10 сарын 30-нд технологийн зогсолт хийсэн. Ингээд энэ оны гуравдугаар сарын 1-нд ажлаа эхлүүлсэн. Маш богино хугацаанд шинэ техник технологи, олон хүний хүч хөдөлмөрийн хүчинд 8 сарын 30-н гэхэд Улсын комисс ажиллаж, 9 сарын 16-нд хүүхдүүд хичээлдээ орлоо. Үнэхээр сайхан байсан.
-Үнэхээр хурдан барьсан. Манай ажил хажууд нь учраас өдөр бүр л бид цонхоороо хараад гайхдаг байлаа…
-Энэ бүхэн сайн менежментийн үр дүн. Гэхдээ ингэж хэлэхээр өөрийгөө магтлаа гэж ойлгож болохгүй. Сайн менежмент гэдэгт зөвхөн захирлаас хамаардаг зүйл биш. Сайн төлөвлөлт, цаашлаад инженер техникийн ажилтнууд болон хамт олны ур чадвар, дээр нь шинэ технологи, түүний давуу тал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Технологи гэж юу байдаг, барилгын салбарын хурд гэж юу байдгийг барилгаа барих явцад харуулж чадсан. Зарим нь санхүү, хөрөнгө оруулалтын хувьд амжих уу гэж асууж магадгүй. Тэгвэл бүрэн боломжтой гэж би 100 хувь хариулна. Улсын буюу төсвийн хөрөнгөөр барьж байгаа ажил ч үүнд хамаатай. Барьж дуусгаж чадаагүй, ашиглалтад оролгүй олон жил болсон барилга ч өнөөдөр байна. Энэ бүхэн гол нь төр, хувийн хэвшил хоорондоо уялдаа, холбоотой ажиллаж чаддаггүйтэй үүсэлтэй. Дээр нь сэтгэл. Ялангуяа, сургуулийн барилга барихад сэтгэл хамгийн чухал. Ингэж хэллээ гээд барилгынхан маань гомдож магадгүй. Гэхдээ хатуу ч гэсэн үнэн үг. Хэрэв жаахан сэтгэл гаргаад өмнөх ажлаа хийвэл төр, захиргааны байгууллагуудтай тохирч болохгүй зүйл бас байхгүй. Мэдээж Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон бусад хангагч байгууллагуудын хоорондын уялдаа холбоо хүндрэлтэй байдаг уу гэвэл байдаг. Гэсэн ч 21 дүгээр сургуулийн барилгын ажлын үед энэ байгууллагуудыг хоорондоо уялдаж ажиллаж болдгийг бид харуулж өгсөн. Иймээс барилгын компаниудынхаа удирдлагуудад хандаж хэлэхэд энэ уялдааг чи өөрөө л холбох хэрэгтэй. Түүнээс бид өөрсдөө ажлаа дутуу, муу хийчихээд төр надад мөнгөө өгөхгүй байна, дэмжихгүй байна гэж шүүмжлэх хэрэггүй байх. Сургуулийн барилга дээр дахиад жишээ татаж ярий. Энэ сургууль нэг ээлжиндээ 1500 буюу 2 ээлжээр хичээллэнэ гэхээр 3000 хүүхэд хичээллэнэ гэсэн үг. Энэ олон мянган хүүхэд 2021 онд сургууль ашиглалтад ортол өөр сургуулийг зорих, хүүхдүүдээ хүргэж өгөх ээж, аав нь ажлаа зохицуулах, автомашины түгжрэл гээд айл гэр бүрт тэр хэрээр хэчнээн бухимдал үүсч байгааг хэлэх аргагүй. Иймээс энэ олон мянган хүний бухимдлыг арилгах ямар боломж байна вэ гэдгийг шийдвэрлэхийг нэн тэргүүнд зорьсон. 12500 м2 талбайд барилга барихад 10.5 тэрбум төгрөг тийм ч хангалттай мөнгө биш. Гэхдээ сэтгэл гаргаад хийвэл бүтдэг юм. Нөгөө талаар компанийнхаа 20 жилийн ойд зориулж өөрсдөдөө барьж буй бидний бэлэг. Мэдээж манайх тийм баян компани биш. Гэхдээ хариуцлагатай компани. Ийм учраас бид “Голомт” банктай хамтран ажилласны үр дүнд санхүүжилтээ шийдвэрлэсэн. “Голомт” банк маань “Сайн сайхныг санхүүжүүлнэ” гэсэн уриатай юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүх банктай өөрийн эрхгүй харилцаа холбоотой болчихдог юм байна. Өөрөөр хэлбэл, банк болгон манай компанийг авсан зээлээ төсөлдөө яг зориулах уу эсвэл төлж чадах уу, үгүй юу гэдгийг мэддэг болж. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд нэгдүгээрт, компанийн удирдлага өөрөө итгэл найдвартай түнш байх хэрэгтэй. Хоёрдугарт, ажилдаа сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй гэж дахин, дахин хэлье. Энэ бол энгийн зүйл мэт боловч хамгийн хэрэгтэй дадал.
-Барилгын салбарт хамгийн тулгамдсан асуудлын нэг нь хүний нөөцийн бодлого. Энэ талд “Батс-Өргөө” компани ямар бодлого барьж ажилладаг. Ер нь барилгын компанийн удирдлагууд хэрхэн анхаарч ажиллах хэрэгтэй талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
-Үнэхээр боловсон хүчин гэдэг “толгойн өвчин”-тэй болсон. Гэхдээ хараад байхад ганцхан барилгын салбарт эсвэл Монгол Улсад ийм хомсдол үүссэн бас биш юм билээ. Олон улсын хэмжээнд ч байгаа үзэгдэл. Улс орон бүрийн хөгжил инноваци болоод техник технологи нь хөгжихөөр түүнийг дагаад дундаж давхаргын хүмүүсийн боловсрол, соёл хөгждөг. Ингээд ирэхээр энгийн ажил хийдэг хүний тоо цөөрөх болсон. Энэ жилийн хувьд барилгын салбарт хамгийн дутагдалтай ажлын байр нь барилгын туслах ажилтан байлаа. Энэ ажлыг хийдэг хүн ч үгүй болж. Тэгвэл бидэнд одоо ямар гарц байна вэ. Барилгын салбарыг технологижуулах, инновацлах хэрэгтэй. Ялангуяа, зөөвөр, тээвэр гэх мэт туслах ажилтны хийдэг жижиг ажлыг бүрэн механикжуулах ёстой. Сая 21 дүгээр сургуулийнхаа барилгын ажил дээр ч 5-6 туслах ажилтантай ихэнх ажлаа механизм ашиглаж ажиллалаа. Энэ хэрээр бүтээмж ч дээшилсэн.
Манай компанийн хувьд хүний нөөцийн бодлого гээд том нүсэр ярих зүйл байхгүй. Хамгийн гол нь бидний хувьд ажилтнуудаа тогтвортой ажлын байраар хангахыг илүүд үзсэн. Дээр нь цалин, нийгмийн асуудал, эрүүл мэнд, сурч боловсроход анхаардаг. Нэг шүүмжлэлтэй зүйл хэлэхэд, ажилтнуудынхаа сургалтын төлбөрийг компани хариуцахаар татварын байгууллагаас “Ийм байж болохгүй” гээд зардалд тооцдоггүй. “Энэ бол хувь хүний хөгжил” гэж тайлбарладаг. Мэдээж нэг талаар хувь хүний хөгжил нөгөө талдаа буюу мөн чанартаа нийгмийн хөгжил шүү дээ. Дээр нь монголчуудын дунд өнөөдөр өвчлөл маш их болж. Иймээс бид ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Дандаа мөнгөөр тэтгэж чадахгүй. Иймээс туслах ямар боломж байна тэр бололцоогоо ашиглаад боловсон хүчиндээ дэм болох ёстой гэж боддог. Өнгөрсөн хугацаанд компанийнхаа 30 гаруй ажилтанг орон сууцаар дэмжсэн байдаг.
– Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа төслүүдэд ажиллахад гол учирдаг хүндрэл бэрхшээл юу байдаг. Цаашид яаж ажиллавал илүү үр дүнтэй гэж боддог вэ?
-Тендер шалгаруулалт гэдэг хааяа хошин шог жүжиг шиг зүйл болдог. Нэг жишээ хэлэхэд, манай компани олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилга барьж байсан. Хамгийн сүүлд, 10.5 тэрбум төгрөгийн төсөвтэй сургуулийн барилга барилаа. Гэтэл сая тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй тендерт манай компанийг улсад 48400 төгрөгийн өртэй гэсэн шалтгаанаар унагалаа. Намайг заргалдана гэж бодсон уу баахан хуулийн заалт, энэ тэр бичээд хавсаргачихаж. Юу вэ гээд тодруултал, байгаль орчин бохирдуулсны төлбөрөө төлөөгүй буюу компанийн бүртгэлтэй автомашиныхаа татварыг төлөөгүй гэнэ. Эвдрээд он жил болсон учраас ашиглалгүй удсан юм. Тэрийгээ ч мартчихаж. Мэдээж би өртэй байж болно. Энд нэг зүйлийг хэлэхэд манай компани 21 дүгээр сургуулийг эрчим хүчээр найдвартай хангахын тулд өөрийн болон банкны санхүүжилтээр эрчим хүчний дэд станц барьж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, улсаас 600 сая төгрөгийн авлагатай бөгөөд энэ авлагыг ирэх онд улс төлөх учиртай. Мэдээж би тухайн үед сургууль эрчим хүчний хомсдолд орох цаашилбал буцаад хаагдах эсэх нь хамаагүй гээд орхиж болно. Гэвч тийм сэтгэл өчүүхэн ч байгаагүй. Гэтэл энэ удаагийн тендерт “Батс-Өргөө” компанийг яаж оруулахгүй байх вэ гэдэг аргыг хайж байна шүү дээ. Заримдаа энэ мэт хуулийн боловсронгуй бус байдлаас “шог зүйлд өртөнө” шүү дээ.
-Шалгарсан байгууллага нь ямар компани байсан бэ?
-Ямар компани шалгарсныг сонирхоогүй. Удахгүй тодорхой болох биз. Өнөөдөр барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниуд 6000 гаруй байна. Үүнийг цэгцлэх буюу ангилах хэрэгтэй. Одоо бараг хэний компани барилга барьж, хэн нь ганц цүнх барьсан компани болохыг салбарынхан бүгдээрээ харж байна. Барилгын салбар ид хөгжиж байх 2003-2004 онд компаниудын тоо олширсон. Ингээд 2006 онд тэсрэлт болж асар их барилга баригдсан. Эргээд 2008 онд уналтанд орох үед огцом нуралт болж үүнтэй зэрэгцээд олон компани арчигдсан. Харин өнөөдөр сэргэлтийн байдалтай байна. Ялангуяа энэ жилийн хувьд маш их бүтээн байгуулалт хийгдлээ. Өнөөдөр энэ салбарыг толгойлоод явж байгаа 100 хүрэхгүй компани бий.Цаашид компаниудыг үнэлэх, ангилах хэрэгтэй. Олон улсад ч ийм жишиг бий. Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал дээр нь санхүүгийн боломж, тухайн компанийн ажилласан жилийн туршлага, хүний нөөц гээд эрэмблэх хэрэгтэй. Анх би барилгын салбарт орохдоо хувь хүн, байгууллагуудын засварын ажил хийж л эхэлсэн. Олон жил ажиллаад хүний нөөцийн чадамжтай болоод, техник технологи эзэмшээд, туршлагатай болоод ангилал зэрэглэлээрээ ажил үйлчилгээгээ хийдэг болмоор л байгаа юм. Ингэхгүй болохоор манай барилгын салбарыг чадваргүй, муу гэх үнэлгээ нийгэмд түгээмэл байна. Ялангуяа улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн гүйцэтгэл хугацаандаа, чанарын доголдолтой талаар олон газар хурал зөвлөгөөн дээр сонсох юм.
-Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Харьцангуй гайгүй болсон. Хамгийн гол нь барилгын ажилтнуудын цалингийн нормчлолыг ч өөрчлөх хэрэгтэй. Аль 2012 оны үнэлгээгээр одоо болтол явж байна. Түүнээс хойш бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш хэр өөрчлөгдсөн билээ. Тэр үед авч байсан талх, шатахуун одоо хэдэн төгрөг байна. Иймээс үүнийг анхаарч өөрчлөх цаг нь болсон. Нөгөө талаар манай компани ганцхан төрийн ажил хийдэггүй. Орон сууц барьж байна. Хувийн захиалгаар нэлээд хэдэн ажил хийсэн. Ингэж ажилтай байна гэдэг тухайн компанийн барьж гүйцэтгэсэн барилгын чанартай шууд холбоотой гэж би боддог. Барилгын компаниудын хувьд нэгдүгээрт, аюулгүй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн барилгаа чанартай барих. Эцэст нь стандарт, норм дүрмийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Үүний тулд худалдан авалт хийхдээ сонголтоо зөв буюу чанартай материал авах хэрэгтэй. Зах зээл дээр өнөөдөр барилгын бүхий л төрлийн материалууд чанартайгаасаа чанаргүй хүртлээ өргөн сонголттой байгаа. Иймээс ямар сонголт хийх нь тухайн байгууллагын удирдлагын асуудал. Хэрэв танайх муу материал сонгоод байвал яваандаа салбараас арчигдах болно. Нөгөө талаар бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Урд хөршийн барилгын материал тухайн орныхоо лабараторид тэнцсэн байлаа ч манай улс бол өдөр, шөнийн температурын зөрүү нь 5-10 хэм, өвөл, зун нь нэмэх хасах 39 хэмийн зөрүүтэй эрс тэс уур амьсгалтай. Ийм зөрүүн дээр тухайн барилгын материал ажиллах болдог тул үүнийг компанийн удирдлагууд сайн анхаарах хэрэгтэй.
-Танай компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг сая нэвтрүүлсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-2011 оноос өнөөдрийг хүртэл Оюутолгойн бүтээн байгуулалтад бид оролцож иржээ. Энэ том төслөөс туршлага судлах, суралцах зорилгоор би өөрөө хүртэл 2 сар бүтэн ажилласан. Ингэж ажилласан минь ч онож маш их зүйлийг сурч авсан. Эхэндээ ч энгийн юм шиг атлаа хүндрэлтэй санагддаг байсан. Тухайлбал, бид чинь хэнэгггүй болохоороо жижиг, сажиг эвдрэлтэй зарим багажаа засч, янзлаад ажилдаа хэрэглэчихдэг. Жишээлбэл, алхны иш салчихвал төмөр хийгээд эсвэл гагнаад хэрэглэдэг. Тэгвэл Оюутолгойд ийм багажаар хэзээ ч ажиллуулахгүй. Хэрэв ингэж ажиллавал тэр ажлыг шууд зогсоогоод багаж хэрхэн, зөв ашиглах тухай 2 цагийн хичээл заадаг. Ажилд анх орох үед 3 өдрийн бүтэн сургалт хийсэн нь ч хамаагүй. Бид ажилтнуудаа ажлын цагаар зөвхөн ажлаа хийхийг шаардаж, заримдаа тамхи их татлаа гээд л загнадаг. Уг нь хүн ажиллах үедээ 2 цаг тутамд амрах ёстой. Тэгж байж тухайн хүнээс ажлын бүтээмж гардаг. Оюутолгой энэ зарчмаар ажилладаг. Гол нь амрах эсвэл тамхи татах үедээ аюулгүй байдлаа хангахад анхаарах ёстой. Энэ мэтчилэн энгийн зүйлээс эхлээд ажил болгох маш олон зүйлийг сурч авдаг. Ний нуугүй хэлэхэд, 2011 оноос өнөөдрийг хүртэл ажиллах хугацаанд энэ том байгууллагаас бид үнэгүй боловсрол эзэмшиж байна. Сурсан, мэдсэнээ ажилдаа хэрэгжүүлсний үр дүнд бид аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг компани болж чадлаа. Бидний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалттай хэд, хэдэн сургуулийн барилгыг барьсан. Жишээ нь, Хан богд суманд МСҮТ, Налайх дүүрэгт Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль байна. Энэ том ажлын тендерт тухайн үед барилгын том, том компани оролцоход манайх нэг л зүйлээр шалгарсан. Тэр бол аюулгүй ажиллагаа гэдэг үзүүлэлт. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг тухайн компанийн менежмент, ажилдаа хандаж байгаа соёлтой шууд хамааралтай. Байгууллага бүр ямарч тохиолдолд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаардаг байх ёстой. Энэ сэтгэлгээг л хүн бүр тархиндаа бат суулгах хэрэгтэй. Манай компанийн хувьд энэ мэт улбаанаас явсаар өнгөрсөн жил ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага болох зорилт тавьж ажлаа эхлүүлсэн. Бүтэн жил ‘’Монгол барилга консалтинг’’ ХХК-аас зөвлөх үйлчилгээг авч ажиллаж саяхан Стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын хурлаас 100 хувийн саналаар дэмжигдэж MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Стандартыг бодит ажил болгохын тулд манай ХАБЭА-н алба, ХАБЭА-н ажилтнууд мөн талбай дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, менежерүүд маань маш их ур чадвар, сэтгэл зүрхээ гаргасан. Тэдний энэ ажлыг хийе гэсэн эрмэлзлийн үр дүн юм. Хүн бүр өглөө гэрээсээ гарахдаа эрүүл саруул, бүрэн бүтэн гарсан бол орой нь мөн л тэгж харих ёстой. Сайхан амьдралын төлөө яваа болохоос ямар нэг эрсдэлийн төлөө ажиллаагүй. Үүнийг л компанийн удирдлага анхаарах хэрэгтэй. Ийм байдлын төлөө тодорхой хэмжээний зардал ч гаргах ёс зүйтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг бусад төслүүдтэйгээ харьцуулахад ялгаатай тал мөн бид тэднээс тусгаж ажил болгох зүйл юу байна вэ?
-Бидэнд сурч, мэдэх зүйл маш их. Технологи, аюулгүй ажиллагаа гэх мэтчилэн. Гэхдээ Оюутолгойн бүтээн байгуулалтын талаар дэмжсэн, сайшаасан зүйлс ингээд ярихаар хүмүүс дургүйцдэг “Энэ гадныхан нэг хэсэг ажиллаад л алга болчихно. Бидний баялаг, газар шороо үгүй болно” гэж шүүмжилдэг. Монголын олон мянган залуус Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцож, ур чадвар нь асар өндөр болж байна. Том, том бүтээн байгуулалтууд түүний ар, араас хийгдэж эхэлсэн. Тавантолгой, эргэн тойронд байгаа үйлдвэр, уурхайнуудыг энэ том бүтээн байгуулалтад оролцсон инженер, техникийн ажилтнууд л бүтээж, босгож байна. Зам, барилгын салбарт барьж, босгож чадахгүй зүйл гэж үгүй болж. Манай залуучуудын хувьд гадаадын орнуудад очихгүйгээр эх орондоо дэлхийн хэмжээний төсөлд оролцож байна. Дээр нь хөгжиж буй орнуудын уул уурхай, барилга бүтээн байгуулалтын салбаруудад манай олон залуус том, том удирдах албан тушаалд нь ажиллаж байна. Энэ бүхэн Оюутолгой гэх том төсөл дээр ажиллаж байсны гялбаа. Манай барилгын компаниуд хоорондоо өрсөлдөгч биш харин харилцан бие биеэсээ суралцагч байх ёстой гэж би боддог. Ийм ч учраас барилгын бусад компаниудынхаа удирдлагуудаас сурч мэдэхийг сурсан мэдснээ ажил болгохыг зорьж хүсдэг.
-Танай компанийн хувьд дэвшилтэт, шинэ техник технологи хэр ашиглаж, нэвтрүүлж байна. Бетон зуурмаг, хуурай хольцын үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, нутагшуулж буй дэвшилтэт технологийнхоо талаар танилцуулахгүй юу?
-Улсын хэмжээнд өнөөдөр бетон зуурмагийн үйлдвэрийн даац хэтэрсэн. Манай үйлдвэрийн хувьд нэг давуу тал нь нүүж болдог. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул, Орхон аймаг эсвэл тухайн том хэмжээний бүтээн байгуулалт хийх тэр газраа үйлдвэрээ шилжүүлэх боломжтой. Хоёрдугаарт, үйлдвэр дээрээ түшиглээд бид хөнгөн нийлмэл бетон үйлдвэрлэж байна. Манай компанийн барьсан “Чухаг-2” хотхоны суурийг энэ бетоноор хийсэн бөгөөд бусад орон сууц, хотхоны мөн адил Туул голын сав газарт баригдсан. Энэ жилийн усан борооноор хотхоны гарааш нэг удаа ч усанд автсангүй. Энэ бол ус нэвчдэггүй бетон ашигласны үр дүн. Үйлдвэртээ шинэ технологи нэвтрүүлэхийн тулд гадныхантай хамтарч ажилласаны үр шим.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал чанарын шаардлага хангаж байна уу. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Сайн нь сайн, муу нь муу. Гэхдээ бидний хувьд нэг давуу тал бий. Тэр бол хэрэв чи муу материал үйлдвэрлээд, хийгээд байвал эхний удаад худалдан авагчтай байлаа гэхэд, хоёр, гурав дахь удаагаа худалдан авагчгүй болно. Дампуурах зам нь тодорхой гэсэн үг. Энэ бол ганц үнэн. Нөгөө талаар барилгын компаниуд тухайн барьж байгаа барилгынхаа норм, стандартад нийцүүлж барилгын материалаа авч сурах хэрэгтэй. Сая сургуулийн барилгын ажил дээр будаг хийх үед ирсэн хүмүүсээс хэн ч нь будаг хийж байгааг анзаараагүй. Үнэргүй, хүний нүд, арьсанд харшил нөлөөгүй эрүүл будаг ашигласан учраас тэр. Тэнд сурч, ажилладаг энэ олон мянган хүн эрүүл, аюулгүй байх ёстой. Ер нь барилга барьж байгаа хүнд дахин хэлэхэд хамгийн гол нь ажлаа сэтгэл гаргаад хийх нь чухал юм. Заавал орлого олох, ашигтай ажиллахаа эхэнд тавих хэрэггүй. Магадгүй ингэж ярихаар хүмүүс худлаа ярьж байна даа гэж бодож болох. Сэтгэл гаргаад ажиллахад ашиг тэгж их олохгүй. Гэхдээ л чи ажлаа сайн хий. Ингэснээрээ танай компани, танай ажилтан байнгын ажилтай, орлоготой, ашигтай л байна. 21 дүгээр сургуулийг хүлээлгэж өгсний дараа манай компанид сая сургууль бариулах ажлын санал ямар их ирсэн гэж санана. Хүн сэтгэлтэй байвал ажил, мөнгө нь дагаад ирдэг юм.